17/08/2026
Өнөөдөр 8 сарын 17-ны Даваа гараг.
Би гурван хоногийн өмнө "Ард түмнээ тэгш сондгойгоор ШТС-уудад оочерлуулж байгаад гадныханд гоё харагдах гэсэн Потёмкины тосгон" буюу өнөөх COP-17 хурал маань яг ингээд эхэлж байна даа. Ард түмэн нь 3040 төгрөгийн бензин авах гэж 3 километр оочерлож, хөдөөгийн сумдууд бензингүй хоосорч, талхны үнэ өсөөд амьдрал нь "инфляци" болж байхад, төр засаг нь 250 тэрбум төгрөгөөр туг мандуулаад, улаан хивс дэлгээд зогсож байна. 250 тэрбум төгрөг гэдэг чинь бараг 80 сая ам.доллар шүү дээ! Энэ мөнгөөр бид юу хийж болох байсан бэ? Өнөөх Дорноговийн Газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ дутуу санхүүжилтийг хийж, хурдасгаж болох байлаа эсвэл энэ намар ирэх өвлийнхөө хүнс, шатахууны нөөцийг гаднаас бэлэн мөнгөөр худалдаж аваад, ард түмнээ үнийн өсөлтөөс хамгаалж болох байлаа. Гэтэл тэр их мөнгийг хэдхэн хоногийн хурлын заалны түрээс, гадны зочдын тансаг зочид буудал, хүлээн авалт, усан оргилуур, цэцэг навчинд үрээд л салхинд хийсгэж байна. COP-17 бол НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хурал. Гэтэл Дорнодын Тамсагт Хятадын "Петрочайна" компани гүний усыг маань шавхаж, зээр амьтдыг үхүүлж, байгалийг маань жинхэнэ утгаар нь цөлжүүлж байгааг бид ярьсан. Өөрсдийнхөө газар шороог харийнханд ухуулж, төнхүүлж цөлжүүлж сүйтгүүлчихээд, нийслэл хотдоо 250 тэрбумаар "Цөлжилттэй тэмцье" гэж гадныханд лекц уншаад сууж байгаа нь дэлхийн шившиг, биш гэж үү.
За тэгээд, төр засгийн өөрсдийгөө сурталчилж байгаа хамгийн том пиар шоу бол "1-ээс 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт татна" гэнэ ээ.. энэ гоё үгний цаадах эдийн засгийн цаадах нь ийм байна. Олон улсын хурлаас "Төдөн тэрбум доллар өгнө өө" гэж цаасан дээр амлах, тэр мөнгө нь яг бодитоор Монголын эдийн засагт орж ирэх хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай зүйл шүү. Иймэрхүү байгаль орчны төслүүдийн мөнгө ихэнхдээ яаж орж ирдэг вэ? Гадны өндөр үнэтэй зөвлөхүүдийн цалин, гадаад томилолт, цаасан дээрх судалгааны тайлан болоод л буцаад гараад явчихдаг гашуун туршлага бидэнд зөндөө бий. Энэ 1.5 тэрбум доллар яг малчны хотонд, бэлчээр сэргээх Цөлжилттэй тэмцэхэд бодит ажилд хэдэн хувь нь очих вэ гэдэг нь маш эргэлзээтэй. Төр засаг "Бид ирээдүйд 1.5 тэрбум доллар олохын тулд өнөөдөр 80 сая доллар буюу 250 тэрбум төгрөгөө үрж байгаа нь Эдийн засгийн хувьд зөв ашигтай хөрөнгө оруулалт мэт сонсогдоно. Гэтэл яг өнөөдөр Монголын ард түмэн ямар байдалд байна вэ? Бензин нь 3040 төгрөг болчихсон, хөдөө орон нутагт ургац хураалтын дизель тасалдсан, хүмүүс тэгш сондгойгоор хоригдож, инфляци 13 хувьд хүрчихсэн байна. Сэхээнд орчихсон өвчтөнд "Чи 5 жилийн дараа баян болно оо" гэж хэлээд хамаг байдаг мөнгийг нь хувцсанд нь үрж байгаатай л яг ижилхэн харагдаж байгаа юм. Цаг үеэ олоогүй найр наадам гэдэг л энэ. 250 тэрбум төгрөг ч бай, 350 тэрбум ч бай, энэ бол Монголын татвар төлөгчдийн л мөнгө.
НҮБ болон олон улсын байгууллагуудаас өгдөг тэр 1.5 тэрбум доллар гэдэг чинь Монголын Сангийн яамны дансанд бэлнээр ороод ирдэг чемодантай мөнгө огтхон ч биш юм. Энэ бол "Төслийн санхүүжилт" юм. Олон улсын байгууллагын мөнгөний бичигдээгүй нэг хууль бий. Тэр мөнгөний дор хаяж 30-40 хувь нь гадны өндөр үнэтэй зөвлөхүүдийн цалин, гадаад томилолт, цаасан дээрх судалгааны тайлан болоод л буцаад гадагшаа урсчихдаг. Яг бодитоор Монголын хөрсөнд мод болоод ургах, бэлчээр болоод сэргэх мөнгө нь талдаа ч хүрдэггүй гашуун туршлага дэлхийн хаа сайгүй бий. Үлдсэн мөнгө нь Монголд орж ирлээ гэж бодъё. Төр засаг өнгөрсөн хугацаанд "Ногоон хэрэм", "Цэвэр агаар сан", "Тэрбум мод" гээд сүржин нэртэй төслүүдэд хэчнээн их мөнгө зарцуулсныг харсан билээ? Үр дүн нь хаана байна вэ? Тэр их мөнгө орж ирэх сургаар дарга нарын хамаатан садан, танил талууд гэнэтхэн л "Байгаль хамгаалагч, мод үржүүлэгч" ТББ-ууд байгуулж, тендер хувааж авдаг. Тэгээд хэдэн үхмэл мод суулгасан дүр эсгээд, тэр мөнгө нь дарга нарын Ланд Круйзер машин, Зайсан дахь тансаг хаус, нууц амраг үр хүүхдүүдийн тансаглал аялал зугаалга бас оффшор данс болоод л хувирдаг шүү дээ. "Чононд хонь хадгалуулж болдоггүй" шиг, авлигад идэгдсэн улс засаг төрд хэчнээн тэрбум доллар цутгаад ч тэр нь ард түмний амьжиргаа улсын хөгжилд биш, харин ч хулгайчдыг улам баяжуулах хөрөнгө болдог. Хамгийн гол асуудал нь хяналт. Гаднаас орж ирсэн буцалтгүй тусламж, төслийн тэрбум долларын мөнгийг манай төрийн сайд түшээд дарга нар "Миний халааснаас гарч байгаа биш дээ" гэж маш үрэлгэн, сэтгэлгүй ханддаг. Ард түмэн ч гэсэн "Гадаадын л мөнгө биз" гээд татварын мөнгө шигээ хатуу нэхэж шаарддаггүй. Эзэнгүй мөнгө үргэлж үр дүнгүй үрэгддэг жамтай.
Тиймээс тэр 1.5 тэрбум доллар Монголыг ногоон диваажин болгоно гэдэгт итгэхгүй байна.