04/07/2017
Л.Төрбурам "Сэтгэл Судлалын Түүхийн Жимээр" номноос
Альфред Бине /Alfred Binet/ (1857–1911)
Оюун ухааны тест
Бине лабораторид ажиллаж байхдаа бусад судлаачидтай хамтран сургуулийн хүүхдүүдийн ой тогтоолтын тест, үгийн нийлэмжийн тест, өгүүлбэр гүйцээх тест зэрэг олон тестүүд ашиглан судалгаа хийж, аль тестийн үзүүлэлт нь оюун ухааны чадварыг илэрхийлж чадах вэ гэдгийг гаргаж ирэхээр зорьж байжээ. 1899 онд Бине оюун ухааны хомсдолтой хүүхдүүдтэй ажилладаг нийгэмлэгийн залуу мэргэжилтэн Теодор Симонтой (1873 – 1916) танилцаж Хүүхдийн Сэтгэлзүйн Судалгааны Чөлөөт Нийгэмлэгт элсжээ. Симон анх Бинед хандахдаа өөрийнхөө докторын судалгааг хянаж өгөхийг хүссэн гэдэг. Ингээд тэд хамтран оюун ухааныг хэмжих, оюуны хомсдолтой хүүхдүүдийг судлах тал дээр ажиллах болсон байна. Хүүхдийн Сэтгэлзүйн Судалгааны Чөлөөт Нийгэмлэг нь хүүхдүүдийн талаар шинжлэх ухааны үнэн бодит мэдээлэл цуглуулж, ялангуяа тэдний боловсролын асуудлуудыг түлхүү судлах зорилготой байжээ. Удалгүй Бине тус нийгэмлэгийн удирдагч болсон байна. 1903 онд Бине, Симон нарыг Францын засгийн газраас сургуулийн хүүхдүүдийн оюуны хомсдолын тархалтыг судлах үүрэг өгсөн байна. Гол зорилго нь оюуны хомсдолтой гэж оношлогдсон хүүхдүүдийг тусгай сургууль байгуулж оюуны хомсдолгүй хүүхдүүдээс салгаж сургах явдал байлаа. Тухайн үед тэдгээр оюуны хомсдолтой хүүхдүүд оюуны хомсдолгүй хүүхдүүдтэй хамт сургуульд сурч байгаа нь тэдний боловсрол эзэмших үйл явцад хүндрэл учруулж байна гэж үзсэн тул ийм шийдвэр гаргасан байна. Оюуны хомсдолтой хүүхдүүдийн онцлогт тохирсон боловсрол олгож, тэднийг бусад хүүхдүүдээс салгаж сургах нь нэг талдаа тэдгээр хүүхдүүд өөрт тохирсон боловсролоо эзэмшиж, цааш илүү хөгжиж, амьдралын энгийн ухаануудад суралцах боломжтой хэдий ч орчин үед энэ аргыг зарим талаараа үр дүнгүй гэж шүүмжлэх хандлагууд гарч ирсэн.
Францын засгийн газрын үүрэг даалгавраар Бине, Симон нар 1904 оноос оюуны ухааны хувьд хэвийн болон оюун ухааны хомсдолтой хүүхдүүдийн хоорондын ялгааг гаргах тест зохиож эхэлжээ. Тэднийг шинэ тест зохиохоос өмнө Гальтоны оюун ухааны тест хэрэглэгддэг байсан ч зарим талаараа хангалтгүй гэж үзсэн тул ийнхүү шинэ тест зохиож эхэлсэн байна. Тэд эхлээд оюун ухааны хувьд хэвийн хүүхдүүдийн нэг бүлэг, оюун ухааны хомсдолтой гэсэн нэг бүлэг хүүхдүүдийг сонгон авч хоорондын ялгаатай байдлуудыг судалж, ямар нэгэн байдлаар хэмжих арга зам хайж эхэлжээ. Ингээд тэд олон зуун хүүхдүүд дээр судалгаа явуулсны эцэст 1905 онд 30 тест бүхий оюун ухааны хомсдолыг тодорхойлох асуулга боловсруулжээ. Тэдний бүтээсэн тестүүд энгийн амархан шалгууруудаас эхлээд хүнд хэлбэрийн сэтгэн бодох чадвар шаардсан асуулгууд болтлоо хүндэрч ахидаг байсан аж. Тэд өөрсдийнхөө тестийг Бине-Симоны шкал хэмээн нэрлэсэн байдаг. Үүний дараа тэд энэхүү шкалаа хэд хэдэн удаа засаж сайжруулан илүү боловсронгуй болгосон байна…