19/07/2026
“Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг “Монгол адууны өв соёл” сэдэв дор үндэсний бахархал болсон төрт ёс, түүхэн уламжлал, өв соёл, үзэсгэлэнт эх орноо гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, жуулчин, наадамчин олон монголчууддаа сурталчлах, таниулах, соён гэгээрүүлэх, үндэсний бахархлыг төрүүлэх зорилгоор гэрэл зургийн үзэсгэлэнг бэлтгэж 2026 оны 07 сарын 08-ны өдрөөс 07 сарын 20-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд дэлгэн үзүүллээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд адуу, адууны өв соёл судлаачид, уяачид, өв тээгчдийг оролцуулсан нь монгол адууны онцлог, ач холбогдлыг олон нийтэд таниулах, хүргэх, угшлыг хадгалах, хамгаалах, хөгжүүлэхэд уриалсан үр дүнтэй ажил болов.
Хүн төрөлхтөний ган туурайт, дэлт хүлгээр хань түшиг хийж, олон зуун, мянган жилийн амьдрал, тэмцлийг даван туулж ирсэн бахархалт түүх, монголчууд төдийгүй дэлхий дахины их өв соёл, эрхэмлэн дээдлэх үнэт эрдэнэ, монголчууд морио хаан төрийн долоон эрдэнийн нэгээр эрхэмлэн бэлгэдэж ирсэн төдийгүй, монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, өв соёл, уламжлалыг бий болгоход оруулсан хувь нэмэр, түүхэн үүрэг, ач гавьяаг нь хуулиар тунхаглан өдгөө монгол улсынхаа төрийн сүлдэнд залсан нь монголчуудын дээд шүтээн морин эрдэнэ болохыг илэрхийлдэг, монгол адуу нь монгол үндэстний түүхэн хөгжил, нүүдлийн соёл иргэншил, байгальтай зохицон амьдрах ухаан, эр зориг, эрх чөлөөний бэлгэдэл бөгөөд тал нутгийн бэлчээр, аргалын утаат ахуй, айлын гаднах уяанаас эхлээд дэлхийн дайдад хүрээгүй газар, тамгалаагүй тал гэж үгүй, төрт ёс, цэрэг дайны түүх, урлаг, спорт, утга зохиолын гээд бүхий л салбарт гүн гүнзгий оршихуй, гайхамшгийг цогцлоосон молор эрдэнэ болохыг наадамчин олонд таниулах, сурталчлах зорилгоор 50 гаруй уран бүтээлчийн 200 гаруй бүтээлээс сонгон 50 гэрэл зургийн үзэсгэлэнд дэлгэлээ.
Энэхүү үзэсгэлэнгийн нэг онцлог нь олон зуун, мянган жилийн түүхэнд бий болгосон “Монгол адуу-Дэлхийн өв”-өө хайрлан хамгаалах, хөгжүүлэх, дэлхий нийтэд таниулах, хүн төрөлхтний түүхэнд адууны эзлэх байр суурийг бататгах, бэлчээр нүүдлийн соёлыг хадгалах, хөгжүүлэх зорилгоор 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн адууны өдөр”-ийг бий болгох тухай саналыг НҮБ-д тавьж, жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгохоор шийдвэрлүүлсэн нь онцгой ач холбогдолтой шийдвэр, НҮБ-аас Дэлхийн адууны өдрийг тунхагласан нь адууны ач холбогдлыг дэлхий нийтэд дахин сануулахын зэрэгцээ Үндэсний их баяр наадамтай давхцуулан зохион байгуулж байхаар болсон нь Монгол Улсын нүүдлийн соёл иргэншил, монгол адууны өвийг олон улсын хэмжээнд сурталчлах илүү их боломжийг нээж өгсөн явдал юм.
Нээлтийн ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-эрдэнэ болон бусад албаны хүмүүс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн мэргэжилтнүүд, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдлага, гэрэл зурагчин уран бүтээлчид, үзэгчид оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд телевиз 4, мэдээллийн агентлаг 3, мэдээллийн сайт 6, Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны болон бусад фб пэйж 8 оролцож, мэдээ мэдээллийг түгээв.
Үзэсгэлэнг өдөрт дунджаар гэрэл зураг сонирхогч, иргэд, наадамчид, аялагч, жуулчид болох 180-200 орчим, нийт хугацаанд 4000 гаруй хүн үзэж сонирхсон байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоод хамтран 7 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнг үндэсний бахархал болсон төрт ёс, түүхэн уламжлал, өв соёл, үзэсгэлэнт эх орноо наадамчин олон монголчууд, гадаад, дотоодын зочид төлөөлөгч, жуулчдын мэлмийг баясгах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, үндэсний бахархлыг төрүүлэх зорилгоор дэлгэн толилуулсан нь наадамчдын таашаал, талархлыг хүлээсэн сайхан үзэсгэлэн боллоо.
Бид жил бүрийн Үндэсний их баяр наадмаар “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байгаа бөгөөд 2026 онд “Монгол адууны өв соёл” сэдвээр бэлтгэн хүргэж байгаа нь монгол адууны өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхийн үзэгчдэд танин мэдүүлэх зорилгоо ханган ажиллав.
Адуунд хайртай ард түмэн, монгол наадмын зочдодоо “Монгол адууны өв соёл” үзэсгэлэн нь агуулга, зорилготой бүрэн нийцсэн, үзэгч, наадамчдын таашаалд нийцсэн, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ баясан цэнгүүлсэн үзэсгэлэн боллоо.
Тус холбоо нь 2019 оноос эхлэн Соёлын яам, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэг санхүүжилт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай хамтын ажиллагааны хүрээнд “Монгол бахархал” үзэсгэлэнг зургаа дах жилдээ амжилттай зохион байгуулж байгаа нь улсаас гэрэл зургийн хөгжилд дэмжлэг үзүүлсэн, төр, хувийн хэвшлийн түншлэл, соёлын бүтээлч үйлдвэрлэлд ихээхэн үүрэг, ач холбогдолтой болохыг дурдах нь зүйтэй.